Thursday, November 27, 2008

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйл Бэлтгэсэн: А. Арман

Хичээлийн нэр: Нийтийн захиргаа - Судлах зүйл
Бэлтгэсэн: А. Арман
Оросын хөгжлийн стратегийн өөрчлөлт шинэчлэлтийн төлөвлөгөөний тухай
Саяхан болж өнгөрсөн “Единая Россия” буюу манай хойд хөршийн засгийн эрхийг баригч хамгийн хүчтэй нөлөө бүхий улс төрийн хүчний Их хурал дээр Орос улс өөрийн стратегийн төлөвлөгөөг өөрчлөх бодолтой байгаагаа зарлалаа. Тэдний хувьд улс орныхоо хөгжлийн урт удаан хугацааны турш баримтлах чиг баримжаа болон эн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудаа тодорхойлов. Энэ нь юун түрүүнд уг улс төрийн хүчний байр сууриа бэхжүүлсэнтэй холбоотой юм. Өөрөөр хэлвэл сүүлийн жилүүдэд болсон хэд хэдэн улс орны хэмжээний сонгуулиудаар ялалт байгуулж, Холбооны улсууд болон томоохон аж үйлдвэрийн нөөц ихтэй бүс нутаг, мужуудыг энэ улс төрийн хүчин хянаж чаджээ. Үүнийгээ төрийн залгамж чанарт сайнаар нөлөөлнө гэж дүгнэв. Тэд иргэдийнхээ санал буюу дэмжлэгийг өөрсдийн бодит хийсэн ажлын үр дүн, улс орныхоо амьдралыг нүдэнд харагдахуйцаар өөрчилж чадсан явдал мөн түүнчлэн “өдрийн дэглэмийг ягштал баримтлах” буюу амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж буйтай холбон тайлбарлаж байна.
Үүнийг нь тодотговол Орос улс дэлхийн томоохон эдийн засгийн гүрэн болохын хувьд шинэчлэгдэн хөгжихийн тулд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг тогтвортой барих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийнх нь суурь болсон салбарууд болох машин үйлдвэрлэл, цахилгаан түлш эрчим хүч, тээвэр, банк, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар чадавхийг үлэмж дээшлүүлэх, үүний тулд гол нөхцөл бололцоо болох боловсон хүчний мэргэшил чадавхийг төгөлдөржүүлэх болон нийгмийн бүхий л салбаруудыг хамарсан өөрчлөлт шилжилтийг дэс дараатай хийх явдал юм.
Үүний тулд хөдөлмөрийн бүтээмжийг доод тал нь 3-4 дахин өсгөх ёстой. Ингэж чадвал бүтээгдэхүүн үйлдвэрлэл одоо байгаа 6 хувиас 25 хувь хүртэл нэмэгдэх юм байна. Чадвал 30 хувь болгох зорилт тавьжээ. Харин эдийн засгийн үргүй зардлыг 40 хувь хүртэл бууруулах нь зайлшгүй чухал болоод байна. Бодит хүчин чадалтай эдийн засгийн бааз суурьтай байж, ард иргэдийнхээ орлого, амьдралын түвшинг дээшлүүлж, төрийн гол зорилго болох хэнээс ч хараат бус, дундаж амьдралтай орос иргэн, орос айл гэсэн зорилт хэрэгжих суурь нь тавигдах юм. Цаашлаад Оросын иргэдийн дундаж наслалтыг 72-75-д хүргэж чадвал хүн амын тооны тэнцвэр хадгалагдана. Үүний тулд чанартай эрүүл мэндийн үйлчилгээ болон боловсролыг эн тэргүүнд тавьж, амьдралд хүрэлцэхүйц тэтгэвэр тэтгэмжийг олгох явдал гэж үзэж байна. Энэ бүхэн цаашлаад дийлэнх гэр бүл өөрийн гэсэн амьдрах орон байрны асуудлаа бие даан шийдэх боломжийг олгоно.
Энэ бүх зорилтууд Орос улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт тусгалаа олжээ. Энэ хөтөлбөр нь манай үндэсний хөтөлбөртэй адил ард иргэд, эрдэмтэн мэргэд, нам улс төр, олон нийтийн хүч дэмжлэгтэйгээр боловсруулагдсан юм байна.
Энэхүү 2020 он хүртэлх хэтийн зорилт /стратеги/ - ын эхний үе шатыг хэрэгжүүлэхийн тулд эхний алхам болгож, урьдчилсан төлөвлөгөө /план/ гаргасан бөгөөд энэ нь 2012 он хүртэлх Оросын Холбооны Улсын Засгийн Газрын баримтлах үндсэн үйл ажиллагааны хөтөлбөр юм байна. Энэхүү хөтөлбөрт ОХУ-ын Ерөнхийлөгчийн тодорхой саналуудыг /улстөрийн системийг улам боловсронгуй болгох, авилгалтай тэмцэх, боловсон хүчний нөөцийг бий болгох, нийгмийн хамгааллын салбарын өөрчлөлт шинэчлэлийг түргэтгэх/ тусган амьдралд хэрэгжүүлэх зорилт тавиад байна. Гэхдээ Оросыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө тийм ч амар хэрэгжих боломжгүй байна. “Хямдхан үнэтэй тэжээн тэтгэх систем” /нийгмийн хамгаалал/, хаа хамаагүй цацаж байдаг хямдхан мөнгө” /дайн/ болон АНУ-д үүсээд буй ипотек /урт удаан хугацааны зээл/-ийн хямрал нь салах аргагүй дөнгө тушаа болж байна. Дэлхийн эдийн засгийн систем өөрөө ганхаж, зах зээлийн гэгдэх энэ харилцаанд хэн ч итгэхээ больж. Санхүүгийн гэгдэж байсан хямрал аажмаар эдийн засгийн хямрал болсон гэж дүгнэж байна. Энэ хямрал ямарч шалтаг шалтгаантай байсан Орос төдийгүй дэлхийн бүх улс орнуудыг өөрсдийн ард иргэдийн амьжиргаа эд хөрөнгө, эдийн засаг, үндэсний валют зэргийг уналтаас хамгаалах хүч чадлыг шалгаж байна. Өнөөгийн дэлхийн эдийн засгийн системийн хямралыг байгалийн гамшигтай адилтгаж, түүнийг урьдчилан таах урьдчилан сэргийлэх боломжгүй гэж дүгнэжээ. Оросын Засгийн газрын авсан болон авах ёстой бүх л арга хэмжээг дэлхийн бусад улс орны засгийн газрууд ч авсаныг энд дурьджээ. Энэ нь юун түрүүнд өрнөж буй хямралыг нухацтай ажиглаж, энэхүү хямралыг чадвал ямар нэгэн уршиг хоргүй, эс чадвал багахан хохирол амсаж давах арга замыг тодорхойлох явдал гэв. Оросын Засгийн газар ийм ч учраас гар хумхин суугаагүй гэдгээ тодотгов. Тайлбар нь Оросын эдийн засгийн хүчин чадал 2 дахин нэмэгджээ. Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бараг тогтворжиж байна. Үүнийгээ тэд Орос бусад улс орон шиг их хэмжээний зээл, өр ширийн дарамт бага учир эрсдэл бага байсан гэж дурьджээ. Түүнчлэн Оросын санхүүгийн нөөц хөрөнгө хангалттай байгаа учир энэ нь хөрөнгө санхүүжилтийн чөлөөтэй арга хэрэгслүүдийг ашиглах, макроэкономикийн тогтвортой байдлыг хангах болон хамгийн гол нь рублийн ханш уналтаас сэргийлэх, түүнийг байнга хэлбэлзэх аюулаас аварсан гэж хэлж болохоор байна. Одоо ч үүний тулд бүх арга хэмжээг авч байгаа юм байна. Холбооны хуримтлагдсан нөөц нь ирэх жилүүдэд оросын төсвийн системийн үр дүн хүчин чадлыг дээшлүүлэхэд чиглэгдэх юм байна. Бүр тодотговол энэ нь төсвийн үр дүн болон хүчин чадлыг дэлхийн нефтийн болон бусад экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнээс огт хамааралгүй нэмэгдүүлнэ гэж байна. Төсвийн байгууллагын зардал, түүний ажилтнуудын цалин хангамж, тэтгэврийг тусад нь байлгах юм байна. Ингэснээр нийгмийн хамгааллын систем тогтвортой байдлаа хангана. Өөрөөр хэлвэл иргэдийн хадгаламж, төлж буй татвараар үүссэн хүндрэлийг давдаг болхи аргаас татгалзах юм байна. Эдийн засгийн болон улс төрийн боломжоо бэхжүүлэн ашигласнаар одоо дэлхийд нүүрлээд буй тогтвортой бус хямралаас Орос орон улам хүчтэй, улам чадварлаг болон гарна гэж зорилт тавьжээ. Өөрөөр хэлвэл энэхүү хямралыг өөрийнхөө хүч чадлыг дээшлүүлэх эм тариа болон хэрэглэнэ гэсэн үг. Гэхдээ Оросын үндэсний эдийн засгийн хөрвөх чадвар сул, маш алгуур нэрийн төдий өрнөж байгаа санхүүгийн зах зээлийн шинэчлэлт нь өөрөө хүссэн хүсээгүй дэлхийн эдийн засагтай ямар нэг байдлаар уяатай байлгаж байна. Дээрх саад бэрхшээлийг тоолгүйгээр Орос улс өөрийн стратегийн төлөвлөгөөг тодорхойлон хэрэгжүүлэх ёстой гэжээ. Тийм ч учир энэхүү дэлхийн эдийн засгийн хямралыг өөрсдийн стратегийн зорилгод ашигтайгаар даван туулах талаар бодлого боловсруулж байгаа юм байна.
Үүний тулд хамгийн гол хийх ажил бол ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх явдал гэж үзжээ. Хүний хөгжлийг хамгаалах дэмжих арга хэрэгслийг ойрын хугацаанд улам боловсронгуй болгох, өнөөдөр боловсрол, эрүүлийг хамгаалах, нийгмийн хамгааллын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт нь ирээдүйн асар их мөнгөөр хэмжишгүй хөрөнгө оруулалт гэж тодорхойлжээ. Хямралын дараахь дэлхий ертөнцөд хүний үүрэг роль өсөн нэмэгдэх бөгөөд тэр үед орос иргэд өөрийн байр суурийг тэнд баттай эзэлсэн байх ёстой гэжээ. Тийм ч учир Оросын Засгийн Газар “Эрүүл мэнд” болон “Боловсрол” гэсэн хоёр том үндэсний хөтөлбөрөө цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон байна. 2008 оны 12 сарын 1 нээс холбооны эрүүлийг хамгаалах болон боловсролын байгууллагууд, холбооны төсвөөс санхүүждэг бусад байгууллагуудтай адилхан /жишээ нь урлагийн салбар/ хөдөлмөрийн хөлсний шинэ системд шилжинэ. Энэ нь ажил үйлчилгээний чанараар үнэлэх, чадварлаг шилдэг эмч багш нарыг урамшуулах систем юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд холбооны төсвийн зардалд эзлэх цалин хөлсний фонд 30 хувиар өсөх юм байна. Ирэх оноос нийгэмд эрүүл амьдралын үнэ цэнийг сурталчилсан олон олон арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Эрүүл мэндийн даатгалын болон үнэ төлбөргүй үзлэг эмчилгээний зардлыг улсаас хариуцах системийг өөрчлөн сайжруулах арга хэмжээ үргэлжилнэ. Тэр дундаа зүрх судасны өвчнийг үзэж оношлох эмчлэх зардлыг нэмэгдүүлэх юм байна.
Боловсролын салбарт үндэсний их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний сүлжээ бий болгох, судалгаа шинжилгээнд шаардлагатай санхүүжилтийг бүх түвшинд шийдвэрлэнэ. Түүнчлэн холбооны боловсролын стандартыг цаг үетэй уялдуулан шинэчлэх, боловсролын үйлчилгээний чанар болон бие даасан үнэлгээний системийг өөрчлөх юм байна. Сургуулийн өмнөх боловсролын одоогийн байгаа түвшинг хэвээр хадгална. Түүнчлэн Ерөнхийлөгчийн “Бидний шинэ сургууль” гэсэн хөтөлбөрт сургуулийн багш нарын цол зэрэг урамшуулал, хангамжийг дээшлүүлэх арга хэмжээ төлөвлөгдсөн юм байна.
Тэтгэвэр тэтгэмжийн шинэ системд шилжих гэж байгаа юм байна. 2009 оны сүүл гэхэд нийгмийн халамжийн тэтгэмжийн дундаж, өндөр настны тэтгэвэртэй тэнцүү олгогдох зорилт тавьжээ. Харин 2010 он гэхэд өндөр настны тэтгэврийн дундаж 2008 онтой харьцуулахад 1,5 дахин нэмэгдэх юм байна. Мөн тэтгэврийн хуулинд өөрчлөлт оруулж социализмын үед ажил хөдөлмөр эрхэлж өөрсдийнхөө тэтгэврийг хуримтлуулчихсан өндөр настнуудын тэтгэврийг илүү шударгаар нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 2010 оноос хойш тэтгэврийн данс нээлгэх 30 настай иргэдийн хувьд татвар төлсний дараахь орлогоос нь 40 хувиас доошгүй тэтгэврийг олгох боломж нээгдэх юм байна. Энэ нь олон улсын стандартад дөхөж очно гэсэн үг. Мөн ирэх онд ажил олгогчийн ажилтнуудынхаа эрүүл мэндийн болон боловсролоо дээшлүүлэхэд зориулсан зардлын дийлэнх хувийг татвараас чөлөөлөх юм байна. Гэхдээ тэр мөнгийг тэтгэврийн баазыг нэмэгдүүлэх болон орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд нь зориулах нөхцөлтэйгээр чөлөөлнө. Энэ бүхэн яван явсаар урт удаан хугацаанд тогтвортой ажиллаж амьдрах “хүнд оруулж буй хөрөнгө оруулалт” болох юм байна. Мэдээж хэрэг нийгмийн халамж хамгаалал нь өөрөө маш их үрэлгэн зардал шаарддаг. Гэхдээ Орос орон төлөвлөсөн зорилтдоо хүрэхийн тулд энэ ачааг үүрч чадна гэж үзэж байна. Бас одоо дэлхийн бусад улс орнуудад үүсээд буй хямрал ирээдүйд орост энэ их ачаанаас болж нүүрлэвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Төсвийн балансаа тэнцвэржүүлж яг төлөвлөснийхөө дагуу шаргуу ажиллах юм бол Орос улс энэ бүхнийг ажрахгүй давна, эдийн засгаа ч бэхжүүлнэ гэж үзэж байна. Тэр төлөвлөгөөний дагуу зайлшгүй чухал зарим арга хэмжээг авах шаардлагатай байна гэнэ. Эхлээд санхүү зээлийн салбараас эхлэх юм байна. Сүүлийн жилүүдэд оросын ихэнхи аж ахуйн нэгжүүд гадаадын банкнуудаас зээл авч байсан. Уг нь энэ нь хэвийн үзэгдэл ч барууны банкууд өөрсдөө хямралд өртөөд эхэллээ. Тийм учир тэд өөрсдийнхөө санхүүгийн боломж бололцоог ашиглан өөрийн үндэсний компаниудад хэрэгцээтэй зээлийг олгох юм байна. Нөөц хөрөнгө байна. Орлогын эх үүсвэр цар хүрээ хангалттай байна. Гэхдээ эдгээрийг хөгжил цэцэглэлтийн хөрөнгө оруулалт болгон хувиргаж сурах хэрэгтэй байна гэнэ. Санхүү зээлийн баталгаатай байдал болон хүчин чадлыг дээшлүүлэх хэрэгтэй учир 5 их наяд рублийг банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулахын тулд гаргасан байна. Гэхдээ энэ гаргаж буй хөрөнгө яг хөрс сууринд очиж үр өгөөжөө өгч буй эсэхийг хянах шаардлагатай. Эсбөгөөс хөрөнгө санхүүгийн нэг удаагийн амь тариа болоод алга болчихгүй гэх баталгаа байхгүй гэж үзжээ. Тийм ч учраас 700,000 рубль хүртэлх иргэдийн хадгалмжинд төрөөс баталгаа гаргаж өгснөөр нийт хадгаламж эзэмшигчдийн 98,5 хувь нь айх аюулгүй болжээ. Мөн татварын баазыг 2009 оны 1/1 нээс 4 пунктээр буулгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мөн холбооны улсуудын болон бүс нутгууд өөрсдийнхөө нутаг дэвсгэрт мөн татварын баазыг 4 пунктээр бууруулах эрхтэй болж байгаа юм байна. Жижиг бизнес эрхлэгчдийн 15 хувийн татварын баазыг бүс нутгуудад 10-5 хувь хүртэл бууруулах эрх олгох гэж байгаа юм байна. Дээрх асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Татварын багц хуулинд өөрчлөлт яаралтай оруулах хэрэгтэй байгаа юм байна. Мөн хямралд өртөөд буй бусад улс орнуудад туслахын тулд ОУВС-нд 1 тэрбум долларыг шилжүүлсэн байна. Цаашлаад Хятад болон Энэтхэгийн Оросоос худалдан авч буй бараа бүтээгдэхүүнд зээллэг олгох арга хэмжээг авч байгаа юм байна. Мөн Белорусст 2 тэрбум доллар зээллэгээр олгожээ. Орон сууцны урт удаан хугацааны зээллэгийн агентлагийн /АИЖК/ зээллэгийн багцанд 60 тэрбумыг төсөвлөснөөр банкууд иргэдэд зээл олгохоо зогсоогоогүй байна. Мөн бэлэн буюу баригдаж дуусаж буй 40000 орон сууцыг худалдан авахад зориулж 83 тэрбум рубль төсөвлөсөн нь зөвхөн барилгын компаниудыг дэмжиж байгаа хэлбэр биш гэнэ. Эдгээр орон сууцыг цэргийн албан хаагч болон нурах дөхсөн байшинд амьдарч буй иргэдэд олгох юм байна. Энэхүү барилгуудыг худалдан авснаар суурь нь тавигдсан шинэ шинэ барилгууд босно гэсэн үг. Энэ нь хүмүүс тэр байшинг худалдан авна гэсэн үг гэжээ. Түүнчлэн иргэдийнхээ байшин барих, орон сууц худалдан авахад зориулж үзүүлдэг татварын хөнгөлөлтийг 2 сая хүртэлх рубльд хүргэх саналыг 2008 оны 1/1 нээс байшин барьсан, худалдан авсан иргэдэд үзүүлэхээр санал оруулсан нь дэмжигджээ. Урьд нь 1 сая рублиэс 130000 рублийн татвар төлдөггүй байсан бол одоо 2 дахин нэмэгдэж, 260000 рубль хэмнэх боломжтой болжээ. Татвараа төлчихсөн иргэдэд улсын төсвөөс зөрүүг буцаан олгох юм байна. Төгсгөлд нь Төрийн Думын депутатын бүрэн эрхийн хугацааг 5 жил хүртэл харин Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг дараачийн сонгуулиас 6 жил байхаар санал оруулаад байна. Төр тогтвортой байх ёстой гэсэн В. Путины зарчим Медведьевийн үед ч үйлчилж байна.
Ашигласан материал:
1. В. Путин “Единая Россия” намын 10-р Их хуралд тавьсан “Россия не откажется от планов стратегического развития” илтгэл
2. Владислав Сурков
/Первый заместитель Руководителя Администрации Президента РФ/
“Динамичное развитие России невозможно без новых эффективных людей” илтгэл

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More