Sunday, December 14, 2008

Чаг чаг

АНУ дахь “Оюутолгой” орон нутгийн төсвийн гурван хувийг бүрдүүлдэг

 

Сая гаруй хүн амтай Солт Лейк хот хүн амын тоогоор ч, газар зүйн байршлаар ч Улаанбаатартай төстэй юм. Вассаж, Окр хэмээх сүрлэг уулсын дунд орших Солт Лейк хотод өвөлдөө агаар доош сууж, алсаас манантай харагдах аж. Салхигүй өдөр дөрвөн уулын дундах Улаанбаатарын утаа униар ийн үзэгддэгийг санагдуулна.

 

Гэхдээ Улаанбаатарынхаас үлэмж ялгаатай нь гэвэл Солт Лейкэд агаар нь бохирдолгүй гэхэд хилсдэхгүй. “Хүүхэд өсгөхөд үнэхээр сайхан газар шүү” гэж дөрвөн хүүхдийн эх монгол бүсгүй Жагаа бидэнд ярьсан юм. Түүний нөхөр Брэд Бартон “Кенекот Юта Коппер” компанийн мэдээллийн технологи хариуцсан захирлын ажилтай. Монгол бүсгүйн амьдрал ийн холбогдсон “Кенекот Юта Коппер” компани Солт Лейкийн оршин суугч 680 мянга орчим хүний ширээн дээр талхыг нь тавьдаг. Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн компани “Рио Тинто” 1989 оноос эзэмших болсон “Бингкэм Канион”-ы зэсийн уурхайг “Кенекот Юта Коппер” ажиллуулдаг аж. Өөрөөр хэлбэл “Кенекот Юта Коппер”-ын толгой компани нь Рио Тинто.

Бингхэм Канионы зэсийн уурхайг хүмүүс ашиглаж эхлээд зуу гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд 17 сая тонн зэс олборлосон гэх тус уурхай Окр уулын Бингхэм хэмээх хөндийд ил уурхайн аргаар олборлолт явуулдаг. Уул уурхайн түүхэнд бичигдэх бас нэг онцлог нь гэвэл хүний гараар бүтсэн хамгийн гүн ил уурхай. Нэг үгээр хэлбэл 1200 метр гүн ухаад буй нь ил уурхайн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт.   

Дэлхийн хүн ам жилд 14 сая тонн зэс хэрэглэдэг гэсэн статистик бий. Тэгвэл зуу гаруй жилийн хугацаанд 17 сая тонн зэс олборлоно гэдэг шалихгүй тоо мэт боловч Бингхэм Канионы уурхай олборлосон зэсийнхээ хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна. Тогтоогдоод буй нөөцөөр бол 2030 он хүртэл олборлолт явуулах боломжтой. Юта мужийн төв болох Солт Лейкийн хүн амын дийлэнхийнх нь амьдралд нөлөөтэй, жилд 700 сая ам.долларыг ажилчдын цалин хөлс, татвараар дамжуулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг Бингхэм Канионы уурхай тэр цагт хаагдвал юу болохыг төсөөлж үзэв.

Уул уурхайн салбарыг хөгжлийнхөө ирээдүй хэмээн найдвар тавьж буй монголчуудын төсөөлөл Солт Лейкийнхнээс огт өөр болохыг хатагтай Алексис Кайрогийн хэлсэн баримт надад ойлгуулав. Тус уурхай орон нутгийн төсвийн ердөө гурав хүрэхтэй үгүйтэй хувийг бүрдүүлдэг хэмээн “Кеннекот Юта Коппер” компанийн Гадаад харилцаа, олон нийтийн харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Алексис Кайро хэлсэн юм.

Өнгөрсөн оны байдлаар Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй, төсвийн орлогын 42, татварын орлогын 52 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаатай харьцуулж үзэв. Солт Лейк хотынхны өмнө өнгөрсөн зууны 50-60-аад оны үед яг Монголынх шиг нөхцөл байдал тулгарч байжээ. Өөрөөр хэлбэл уул уурхай эдийн засгийнх нь 70 хувийг бүрдүүлж, иргэдийн амьдрал түүнээс хэт хамааралтай болж иржээ. Яг энэ үед хотын удирдлагууд асуудал дэвшүүлэн хэлэлцэж, эдийн засгийн бусад салбаруудаа хөгжүүлэх арга зам боловсруулсан гэж Солт Лейкийн унаган оршин суугчдын нэг Гари Куртис гуай ярилаа. Харин 1990 он гэхэд эдийн засгийн тав орчим хувийг уул уурхай бүрдүүлж байжээ. Өнөөдөр Юта мужийн хувьд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, боловсролын салбар эдийн засгийнх нь нэгэн үндэс болдог аж.

 

Орон нутгийнхан ба орлогоор тэргүүлсэн уурхай

Солт Лейк хотыг анх мормончууд үүсгэн байгуулсан хэдий ч нутгийн уугуул оршин суугчид нь улаан арьст индианчууд аж. Өдгөөгөөс 30 жилийн өмнө Бингхэм Канионы уурхай мужийн 7000 хүнийг ажлын байраар хангадаг байсан бол өнөөдөр 1800 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, үүнээс хэд дахин цөөн ажлын байрыг гэрээт ажилчдад санал болгодог. Техник, технологийн дэвшил уурхайд ажиллах нутгийн иргэдийн тоог цөөлж, орон нутгийн төсвийн ердөө гурав орчим хувийг бүрдүүлэх болсон ч нутгийн оршин суугчид Рио Тинтогийн эзэмшлийн уурхайн үйл ажиллагаанд тун хүндэтгэлтэй ханддагийн учир шалтгаан маш ойлгомжтой аж. Хүндэтгээд зогсохгүй үйл ажиллагааг нь ил тодоор хянадаг гэнэ.

Энэ онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тэнгэрт тултал өссөн нь “Кеннекот Юта Коппер” компани “Рио Тинто”-гийн хэмжээнд хамгийн үр ашигтай ажилласан компаниар шалгарахад шууд нөлөөлж, нөгөө талаас мужийнхны хувьд хэдийнэ хүлээлт үүсгэжээ. Энэ нь нийгмийн сайн сайхны төлөө зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх байх гэсэн хүлээлт юм. Уурхайн үйл ажиллагаа бизнес учир үр ашгийг чухалчилж, харин энэхүү үр ашгаа компани болон орон нутаг харилцан ашигтай хуваах ёстой гэсэн зарчим тэнд хэдийнэ хэвшсэн мөрдлөг ажээ. Түүхий эдийн үнэ ханшаас шалтгаалаад уурхай зарим жилд алдагдалтай, зарим онд ашигтай ажилладаг ч орон нутгийн хөгжилд зориулах хөрөнгө оруулалтаа тогтвортой хэмжээнд хадгалдаг байна. Энэ оны хувьд орон нутгийн хөгжилд чиглэсэн хөтөлбөрт 1.2 сая ам.долларыг зарцуулаад байгаа ажээ.

Бингхэм Канионы уурхайг Рио Тинто эзэмших болсноос хойш байгаль орчны нөхөн сэргээлт, үйлдвэрийн хур хог хаягдлыг зайлуулах, ус цэвэршүүлэх зэрэг ажилд нийт 400 сая ам.долларыг зарцуулаад байгааг компанийн Олон нийт, хэвлэл мэдээллийн харилцааны ахлах зөвлөх Жана Кеттеринг бидэнд танилцуулсан юм. Уурхайн хөрс хуулах явцад гарсан шороогоор далан босгож, түүнийг хөрсжүүлэн тарималжуулснаа болон үйлдвэрлэлээс гарсан усаар байгуулсан хиймэл цөөрмийг бидэнд мөн танилцуулсан. Уурхайн олборлолтоос эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх баяжуулах, хайлуулах гээд шат шатны үйлдвэрлэл энд бий. Эдгээр үйлдвэрлэлийн явцад ашигласан усыг өдгөө цэвэршүүлж, 60 хувийг нь ахуйн хэрэгцээнд дахин ашиглах болжээ.

“Кеннекот Юта Коппер” компанийн Бингхэм Канионы уурхайгаас олборлон боловсруулж, зах зээлд гаргаж буй эцсийн бүтээгдэхүүн нь Америкийн зэсийн хэрэглээний 10 хувийг хангадаг аж.

Солт Лейк хотын олон гэр бүл Гари Куртисийнхны нэгэн адил үе дамжсан уурхайчид бололтой. Хотын иргэдийн хурлын төлөөлөгч Гари Куртисын өвөө нь, аав нь, өөрөө ч уурхайчин байжээ. Бингхэм Канионы уурхайн олборлолт явуулж буй хөндийд өмнө нь 20 мянган оршин суугчтай бяцхан суурин 1970-аад оныг хүртэл байжээ. Гари ч тэнд төрж өссөн. Хожим сууринг нүүлгэж, олборлолт явуулах шаардлагатай болох үед уулын суурингийн иргэд “сайн дураараа” нүүж байсан түүхийг тэрбээр ярьж байна. Юутай ч манайхан шиг газраа чөлөөлсний нөхөн төлбөр хүсээгүй гэнэ. Нэг талаас суурингийн хүн ам нэмэгдэхийн хэрээр байр байшин барьж тэлэх газар ч байгаагүй гэнэ. Нөгөө талаас уурхайн эзэд хотод хямд байшин санал болгож байсан нь дээрх байдалд нөлөөлжээ. Тэр үед сая ам.долларын үнэд хүрдэг байшин ч гэж байгаагүй ажээ. Үүний адилаар огт байгаагүй нэг зүйл бол байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт гэдэг ойлголт гэнэ. Уул уурхайн салбарт нэлээд хожуу үүссэн байгаль орчныг хамгаалах асуудлаар “Кеннекот Юта Коппер” компани иргэдийн дуу хоолойг сонсдог, үйл ажиллагаа нь нээлттэй ил тод байж чаддагт Солт Лейкийн оршин суугчид баярладаг хэмээн тэрбээр ярив. Мөн тэрбээр “байгалийн баялгаа ашиглаж биш хэрэглэж хөгжих ёстой” хэмээн өгүүлсэн. Дэлхийд хоёрдугаарт бичигдэж буй зэсийн алдарт уурхай Бингхэм Канионы талаар түүнтэй хормой залган орших амар тайван хот Солт Лейкийнхны бодол санаа энэ аж.

Уурхай гэхээр ухаж, сэндийлсэн хөрс, ургамал, ан амьтангүй эгээ л сарны гадаргуу мэт газар шороо хэмээн бидний төсөөлдөг айдас бодит байдлаас зөрүүтэй юм. Зуу шахам жилийн өмнө америкчуудын амссан уул уурхайгаас хамааралтай эмзэг эдийн засаг, байгаль хамгааллын асуудал өнөөдөр монголчуудад тулж ирээд байна. Гэхдээ энэ бүхэн гарцгүй асуудал биш гэдгийг Бингхэм Канионы уурхай болон Юта муж, Солт Лейкийнхны туршлага бидэнд харуулах аж.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More