Sunday, December 14, 2008

Чаг чаг

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх вэ?

“Нам дагаж байж дээшээ дэвшинэ” гэдэг хэт хялбар төсөөлөл хэдэн арваны өмнөөс монголчуудын тархинд гүн бат шингэжээ. Цагаан морин жилийн хувьсгал энэ үзэл баримтлалыг онолын хувьд үгүйсгэж чадсан ч үндсийг суга татаж чадсангүй.

Монголын хvн ам хоёр сая 562.4 мянга гэсэн статистик бий. Эдгээрийн хэд маань өөрийн цайзаа босгож чадсан бол. Хариулт олохын тулд бидний тал хувь нь ядуу гэсэн бас нэг тоог баримтаар түшье. Энгийнээр хэлэхэд үүнийг бичигч би хийгээд уншигч та бид хоёрын аль нэг нь ядуу болж таарч байна. Гэхдээ логикоор нь бодвол та эргэлзэх нь гарцаагүй. Тиймээс л энэ тоо статистикчдад бодит болохоос амьдралд холуур тоо гэдгийг эхэнд сануулахад илүүдэхгүй биз. Үүнийг зээл тусламжийн бараа хийгээд нийгмийн халамжийн үйлчилгээг өөрийн дэмжигчид буюу намын гишүүдэд хүргэх гэсэн тоо гэвэл үнэндээ бодитой. Ардчилсан хүчнийг дэмждэг болоод ядуу бол үүнийг та сайн мэдэх биз. Танд өгөөгүй хэрнээ хөрш айлын чинь баян Дулмаа, Дондог, өөр хэн ч билээ, түүнд будаа, гурил өгөөд байгаа биз. Та өөрийг нь дэмжихгүй болохоор тэдний тэмдэглэлд та цэнхрээр бичигдсэн. Харин Дондог, Дулмаа нар ах намын дэмжигч, гишүүн учраас улаанаар бичигдсэн болохоор тэр. МАХН орон нутагт хөл сайтайдаа ч биш. Зээл тусламжийг иймэрхүү байдлаар тараадаг болохоороо орон нутагт хүчирхэг байдаг.

Нөгөөтэйгүүр 128 мянга гэсэн төрийн албан хаагчийн тоо бий. Ноёнтой сөргөлдвөл хормойгүй хойно хүсэвч, эс хүсэвч ажилтай үлдэхийн тулд тэр үзэл бодол, энэ тэрээ хойш тавиад нэг л намыг дугуйлдаг. Хүнийг хэлэлтгүй би ч тэгэх байсан байх л даа. Өнөөдрийн нөхцөл байдал төрийг хэн барихаас илүү төрийн албан хаагч байх нь чухал. Тиймийн тулд үзэл бодлыг хаалттай ертөнцөд байх зайлшгүй шаардлагатай. Ингэж гэмээнэ дээшээ дэвшинэ.

Уг нь бол төрийн бүх шатны албан хаагч өөр өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй байж, төрийн албанд шударгаар ажиллахаа илэрхийлж тангараг өргөдөг билээ. Харамсалтай мөнөөх дарангуйлагч, аминч үзлийн дэргэд энэ бол ёс төдий зүйл. Тиймээс ч төрийн албан хаагчид хувийн хэвшлийнхнээс илүү намжсан нь гайхаад байхаар зүйл биш.

Эрхэм төрийн түшээд, өндөрлөгүүд сайн засаглал, хариуцлагатай төр, төрийн сайн албан хаагчдын тухай гээд олон юм бурдаг ч ёс зүйн талаар тавих шаардлагыг орхигдуулдаг. Санамсаргүй гэхээсээ илүүтэй санаатайгаар ийн аяглахыг тайлбарлах хэрэггүй. Хэрэв түүнийг батлачихаад зайлшгүй мөрдүүлэх ёстой гэж зүтгэвэл өөрсдөө хэнийг үзэл, бодлоор нь боомилох юм бэ. Тэгээд яаж сонгогдох вэ гэж. Хэнийг ашиглах бол оо. Хариулт нь тодорхой шүү дээ, хэнийг ч биш.

Үүнийг батлах хууль ердөө 18 хоногийн дараа хэрэгжих гэж байна. Төрийн албаны тухай хууль. Хуульд, төрийн албан хаагч намын гишүүнчлэлээс татгалзаж, албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд улс төрийн нам, хөдөлгөөний ажиллагаанд оролцох эрхгүй байхаар тусгачихсан. Тиймээс мөнөөх 128 мянган төрийн албан хаагчаас 125 мянга нь намаасаа эсвэл ажлаа татгалзах зайлшгүй шаардлага гарна. Азаар улс төрийн албан тушаалтай гурван мянга орчим нь энэ сонголтыг хийхгүй. Юу сайхан дур сайхан болохоор өөрийн сонголт мэднэ. Ажилгүй, эсвэл намгүй.  

Төрийн албан хаагчид энэ хоёр хувилбарын эхнийхийг ихэнхдээ сонгочихож. Үүнийг өнгөрсөн орон нутгийн сонгууль харуулна. Нийслэлийн МАХН-ын лидерүүдийн олонх нь энэ шалтгаанаас болоод албан тушаалтайгаа үлдэхийн тулд орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Харин албан тушаалаасаа татгалзаж намаа сонгосон НИТХ-д сонгогдсон Төрийн өмчийн хорооны дарга М.Ганбаатар ажлаа өгсөн. Дээр нь нийслэлийн Засаг даргын сангийн хэлтсийн дарга Д.Ганболд ажлаа өгөөд байгаа. Харин УБТЗ-ын дарга В.Отгондэмбэрэлийн хувьд компанийн статустай учраас албан тушаалаа өгөх шаардлагагүй. Мөн нийслэлийн Захирагчийн ажлын албаны хот тохижилтын газрын дарга Ц.Болд, НИТХ-ын МАХН-ын бүлгийн дарга Б.Пүрэвжав, Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нарын байгууллага улсын үйлдвэрийн статустай учраас албан тушаалаасаа түдгэлзэх шаардлагагүй аж. Харин нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Татварын газрын дарга, Өмчийн харилцааны газрын даргууд зөөлөн суудлаасаа ховхорохгүйн тулд намаас татгазахаар шийдсэн гэнэ.

Намын албан тушаал, ажлын байр тоотой болохоор бага, дунд албан тушаалтнууд ч энэ л хувилбарыг сонгожээ. УИХ-ын сонгуулийн өмнөхөн намын батлах авч байсан төрийн албан хаагчид ч зургаахан сар намын гишүүн байсны эцэст харамсалтайгаар баяртай гэж намдаа хэлэхээр шийдэж ирэх оныг хүлээж буй сурагтай. Олзуурхан хүлээж өргөдлөө хэзээний биччихсэн хүмүүс ч цөөнгүй буй аж. Тэднээс гадна намаасаа салвал ажлаас халах болов уу, нам дагахгүй карьер минь дуусах болов уу  гэсэн айдаст автсан цөөнх бас бий аж. Тэд алинд нь саналаа өгөхөө ч мэдэхгүй бэрхээс бэрхэд унажээ. Сонгуулиас ялгаатай нь тэдний сонголт илээр явагдана.

Эндээс төрийн албан хаагчид дурандаа улс төрждөггүй, дарамтаас залхсандаа, ажлын байртай байх гэсэндээ “намнистуудын” гар хөл болж байж гэсэн ганц дүгнэлтийг хийж болно. Он гарснаар эхний долоо хоногт тэд намдаа түдгэлзэх өргөдлөө өгнө. Эсвэл ажлаасаа халагдана. Алийг нь я сонгосон ч бай сонгууль болохоор цалингүй сурталчилгаанд нойр, хоолгүй зүтгэх төрийн албан хаагчдын зовлон хөнгөрөх нь.

МАХН-ынхан хамран доороосоо алдаад баталчихсан энэ хууль эргээд өөрсдийг нь ийм байдалд хүргэнэ гэж төсөөлөөгүй байсан тухайгаа өдгөө халаглаж буй ч оройтож дээ, хөөрхий. Тэдний зарим нь намаа юу ажлаа юу гэсэн салаа замын эхэнд тулж, сонгуульд санал өгөхөөс ч хэцүүхэн байдалд оржээ. Эргэлзэж тээнэгэлзсэний эцэст тэд сонголтоо хийх нь тодорхой. Урьдчилсан байдлаар нийслэлийн МАХН нэлээд хэдэн тэргүүлэгчдээ алдах нь дамжиггүй боллоо.     

Үзэл бодлыг нь үгүй хийж чадахгүй ч төрийн алба идээ бээрээсээ алсуур ч гэлээ, бага ч атугай цэвэршихнэ. Мөнөөх ядуусын хувьд амьдралын төлөө зүтгэдэггүй, арчаагүй залхуу ч гэлээ тусламжийн будааг баян Дондогийнд бус танайд өгөх эхний алхам үүгээр тавигдах нь гэж найдъя.

Сонгуулиас ч хэцүү сонголтын дүн хэрхэх бол?

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More