1. Газартай холбоотой хууль тогтоомжоос:
- Монгол Улсын иргэн бүр газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй.
- 2008 оны 5-р сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд хуулиар зөвшөөрөгдсөн байршилд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.
- Хэрэв та шилжин ирсэн бол холбогдох журам дүрмийн дагуу оршин суугаа засаг захиргааныхаа нэгжид бүртгүүлснээр нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхээ эдэлнэ.
2. Нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын байршил:
- Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл юм уу аль хот, аймаг, сумын нутагт
- Дархан, Эрдэнэтэд бүртгэлтэй иргэн тухайн хотдоо буюу нийслэлээс бусад аль ч аймаг сумын нутагт
- Бусад аймгийн иргэд нийслэл, Дархан, Эрдэнэт хотуудаас бусад аль ч аймаг сумын нутагт газар өмчлөн авах эрхтэй.
3. Нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх газрын хэмжээ:
Нийслэлд – 0,07 га
Аймгийн төвд - 0,35 га
Сумын төвд – 0,5 га
Нийслэл аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагууд – 0,07 га
4. Та өмчлөх газраа сонгохдоо дараахь зүйлийг анхаарах хэрэгтэй.
- Таны эзэмшсэн газар тань газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байх
- Бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх
- Орон нутгийн чанартай замаас 60 м зайтай байх
- Улсын чанартай замаас 100 м зайтай байх
- Өндөр хүчдэлийн шугамнаас 500м зайтай байх
- үүрэн телефоны болон бусад суурин холбооны станцаас 300-500 м зайтай байх
- Үер усны зам далангаас хол зайтай байх ёстой юм байна.
5. Хэрэв та өмчлөх газраа сонгосон бол дараахь шат дамжлагаар өмчлөх асуудлаа шийдвэрлүүлэх ёстой.
А. Кадастрын зураг хийлгэх
- Сонгосон газраа харъяа сум, дүүргийн газрын албаны ажилтанд хуваарьт өдөр үзүүлж зөвшөөрөл авна.
- Газрын албаны ажилтны зөвшөөрсөний дагуу хашаагаа барьж, харъяа хорооноос оршин суугаа хаягийн зөвшөөрөл авна.
Б. Аймаг, сум, дүүргийн газрын албанд өмчлөх тухай хүсэлтээ гаргаж, өргөдлийн маягт бөглөнө.
Өргөдөлд дараахь зүйлийг тусгана.
- Иргэний овог нэр, эцэг эхийн нэр, өөрийн нэр
- Иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар
- Оршин суугаа газрын хаяг, утасны дугаар
- Өмчилж авах газрын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн харъяалал
- Өмчилж авах газрын хэмжээ, зориулалт
- Иргэд хамтран өмчлөх эсэх тухай хүсэлт
- Өргөдөл гаргасан он, сар, өдөр
Өргөдөлд дараахь материалыг хавсаргана.
- Гэр бүлийн 16 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт
- Газрын хэмжээ, байршлын тойм зураг
6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга иргэний гаргасан өргөдлийг хүлээн аваад, МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газар өмчилж авах эрх бүхий этгээд мөн бишийг нотолсны дараа газар өмчлүүлэх захирамж гаргана.
Засаг даргын захирамжийг үндэслэн сум, дүүргийн газрын алба газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгох бөгөөд иргэн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
7. Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
- Өмчлөгч болон хамтран өмчлөгчийн иргэний үнэмлэх, 16 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
- Газар өмчлөлийн шийдвэрийн эх хувь
- Газар өмчлөх тухай захирамжийн хуулбар
- Газрын кадастрийн зураг эх хувиар
- Газрын хянан баталгааны хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Бүртгүүлэхийг хүссэн өргөдөл. Үүнд: Хэдэн хүний өмч болох, талбайн хэмжээ, газрын үнийн талаар тодорхой тусгасан байх бөгөөд мөн нотариатаар гэрчлүүлсэн байх
- Батлуулахад /энгийн 2500 төг/ /яаралтай 5000 төг/
- Хувийн хэргийн үнэ 2500 төг
- Гэрчилгээний үнэ 5000 төг
- Мэдүүлэг 100 төг
Төгсгөлд нь: Та өөрийн гэсэн газраа өмчилж авсанаар тухайн газраа худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалж болох бөгөөд Монгол Улсын нийт газар нутгийн ашигтай талбайн 60 шахам хувь лиценз нэрээр гадаад дотоодын бүлэглэлүүдийн гарт орчихоод байгаа тул одоо хурдхан шиг өмчилж авах газраа хөөцөлдөөрэй. Үгүй бол та болон таны хүүхэд тэдний ухаад, онгичоод, шүүгээд хаясан ямар ч үржил шим, ургамал ногоогүй хэсэгхэн шороог л өмчилж авах болно. За амжилт хүсье.
0 comments:
Post a Comment