Өнөөдөр дэлхий дээр 930 сая хүн интернэтийг өдөр
тутмынхаа амьдралд хэрэглэж даджээ.
Ердөө нэг жилийн дараа гэхэд энэ тоо 1.35 тэрбумд хүрнэ гэж эрдэмтэд үзэж байгаа нь хэрэглэгчид хоногоор бус цаг хором бүрт өсөн нэмэгдэж, хүн төрөлхтнийг бүхэлд нь хэрсэн аварга тор эх дэлхийг бүрхэх гэж буйг илтгэж байна. Ийм сүлжээгээр сайн, муу зүйлийн аль нь ч бүтэж болох хэдий ч бидний амьдрал нэгэнт энэ сүлжээгүйгээр төсөөлөгдөхийн аргагүй болсон тул ач тус, аюул хорынх нь талаар уншигч Та мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Өнөөдөр интернэт зөвхөн мэдээлэл хайх хэрэгсэл болоод зогсохгүй, хүний харилцааны чухал хэрэгсэл болчихоод байна. Дэлхийн хоёр бөөрөнд байгаа хүмүүс бие биенээ харж, өөрт байгаа мэдээллээ бусдад өгч, санал бодлоо хуваалцан, өдрийг хамтдаа өнгөрүүлж, тоглож, үерхэж, бие биендээ дасан хайр сэтгэлтэй болцгоож, харилцан үнсэлтээ илгээх нь шинэ зүйл биш болжээ.
Монголын онлайн дахь бичил ертөнцөөр аялая
Шувуунд дайж илгээх сэтгэлийн үг шуудан холбоо үүсэхэд хол хоцрогдож байсантай адил өнөөдөр марк нааж, хайрцаганд захидал хийх нь шинэ үеийн сонголт биш болжээ. Захианыхаа хариуг жил тойрон хүлээж суудаг цаг түүх болон үлдэж, монголчууд интернэт хэрэглэдэг болсоор 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээ болон хэрэглэгчдийнх нь тоо хамгийн хурдацтай нэмэгдсэн салбар бол яах аргагүй энэ салбар. Өнөөдөр Улаанбаатар хотод 75 интернэт кафе байнгын үйл ажиллагаа явуулж, хаана ч орсон сул компьютер ховор харагдана. Интернэт кафед завгүй суух залуусыг харвал дийлэнхи нь messenger-т орсон байлаа. Тэднээс интернэт кафед гол нь ямар зорилгоор ирдэг талаар нь тодруулбал, “энэ чинь нэг ёсны болзоо шүү дээ, мэдээж чаатлах, бас чаатлахын зэрэгцээ мэдээлэл олж авах..” зэргээр янз бүрийн хариултыг өгч байна.
Залуус дурласаар..
Захидал харилцааны нэгэн шинэ хэрэгсэл messenger шар гэрлээ анивчуулан, дуу шуутайхан ороод ирэхэд задлахгүй байна гэж үгүй. Үе үе тачигнатал хөхөрч, эсвэл гингэтэл уйлах нь халаг гарын арван хуруугаараа “ярьцгаах” залуус ийнхүү харилцсаар тив алгасан дурлаж, гэр бүл болсон тохиолдол ч цөөнгүй байдаг гэнэ
“Boss block”-ийн тухай сонссон л биз дээ?
Залууст тайван суугаад ярилцах газар олдохгүй байгаа нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа бололтой. Алийн болгон шоудах вэ дээ. Тэгээд ч интернэтээр харилцах нь тэдэнд илүү нээлттэй, илэн далангүй байхад нь тус болдог ч байж болох юм. Гэвч энэ харилцааны хамгийн сул тал нь гэвэл ажил алба, гэр орноо ч мартан зөвхөн “чаат”-аар амьсгалж, бараг амьдарч эхлээд байгаад оршиж байна. Хэдийгээр албан байгууллагууд интернэтийн сүлжээгээ ажилтнуудддаа үнэ төлбөргүй хэрэглүүлдэг ч тэд нар нь эрх чөлөөгөө хэтрүүлэн ашиглаж, өдрийн турш чаатлаад суучихдаг үзэгдэл хаа сайгүй харагдах болжээ. Энэ нь албан байгууллагын үйл ажиллагаанд төдийгүй тухайн хүний ажил мэргэжилдээ өсөн дэгжих боломжид ч саад тотгор болохгүй гэхийн баталгаагүй. Эцэст нь хэлэхэд Та хичнээн чухал царай гарган ажиллаж буй дүр үзүүлэвч дарга тань таны компьютерийн дэлгэцийг сүлжээгээр хянаад мушилзаж суух вий.
Чаат хортой юу?
Хаа газрын chat room.-д орчихсон байж л байдаг алдартнуудыг “чаат мангас” гэхэд болно. Өдөр шөнөгүй сууж, нэг үгээр хэлбэл “чаат”-д донтоод буй залууст тунгий нь хэтрүүлсэн эм хор болдогийг сануулахад илүүдэхгүй байна. Ийнхүү хамаг цаг заваа “messenger, chat”-д зориулах нь бас л хортой гэнэ. Сэтгэцийн эмнэлэг, наркологийн төвд яг ийм тохиолдлоор ирж үйлчлүүлж байсан хүн цөөнгүй байдаг ажээ. Энэ нь тархины мэдрэлийн эс хэт ачааллыг даах чадваргүй болж, улмаар гэмтэн эмгэг болоход хүргэдэгтэй холбоотой. Биеийн эрүүл мэндээс дутахааргүй нэгэн аюул байдаг нь монголын зарим чаатанд хэрүүлийн бохир бүдүүлэг үгээр хоорондоо хэрэлдэж, үг үсгээр илэрхийлж болох хамаг муу үгийг урсгадаг бүдүүлэг хүмүүс их ордог болсон явдал юм. Зарим орны чаат бүдүүлэг үг хэллэг бичсэн тохиолдолд түүнийг нь олонд харуулдаггүй. **** хэлбэрээр гаргачихдаг байна. Хэрвээ та гадаад орнуудын чаатаар ордог бол тэдний ярианы өнгийг мэдэрч болох юм. АНУ, болон Европынхон ерөнхийдөө маш сэргэлэн, цоглог байдаг бол Азичууд хянуур болгоомжтой харьцдаг.
Чаатыг ажил хэрэгтээ ашиглая
Танд ямар нэг мэдээлэл хэрэгтэй бол чаат руу ороод бүгдээс нь асуухад л танд аль нэг нь зөв хариултыг заавал өгнө. Энэ талаас нь чаатыг ашиглаж сурвал ямар вэ? залуус аа. Мөн бизнесийн түншүүдтэйгээ харилцаж, яаралтай мэдээллээ солилцох байдлаар хамтран ажиллахад хамгийн тохиромжтой харилцаа гэдэгтэй ажил хэрэгч залуус санал нэг байна. Цаг хугацаа, орон зайг товчлон улс орон төдийгүй тив алгасуулан мэдээлэл авах боломжийг чаат Танд олгоно.
Мэдээллийн эх сурвалж: http://www.must.edu.mn
0 comments:
Post a Comment