Sunday, November 16, 2008

welcome to my empire

Оршил үг
Эрхэм анги нэгт хамт олон болон багш та бүхэнд өөрийн чадан ядан бичиж буй “Ирээдүйн тухай роман” хэмээх авсаархан номынхоо зарим нэг сонирхолтой гэж үзсэн бүлгүүдээс боломжийнхоо хэрээр толилуулъя хэмээн зориглов. Таалагдах эсэхийг та бүхний мэргэн оюун болгооно буй заа. Мөн ирээдүйн тухай ямар сэдвээр хуудас эргүүлж тархи юугаан хэсэгхэн боловч бодролд оруулахыг хүсэж буй саналаа молхи намайг үл чамлан илгээх ахул миний бие хир чадлын хилээр тэрхүү сэдвээр бичвэрлэхийг оролдсуу. Та бүхэнд маш их баярлалаа.
Номын бүлэг: “Та биднийг юу хүлээж байгаа вэ?”
Дэд сэдэв: “Гэр бүл, гэрлэлт”
“Хүний харилцааны гүн гүнзгий ул үндэстэй, хувиршгүй систем болох гэр бүл нь газар бүр лавшран нэвтэрч буй эдийн засгийн үндсэн өөрчлөлтөд зохицох уян хатан байдлаар дутмаг юм” гэж нийгэм, улс төрч судлаач А. Мирдал бүр 1942 онд бичиж байлаа. Та бидний эргэн тойронд энэ үг өнөөдөр ч бодит биелэлээ олон нэг бол мөнгө, эрх мэдэл нэг бол гэр бүл гэсэн “without a trace” /гарах гарцгүй/ сонголт тулгаж байна. Ер нь тэгээд ч шинжлэх ухаан техник асар их хурдацтай хөгжиж буй энэ цаг үед гэр бүл нийгмийн үзэгдэл, байгууламжийн хувьд бүрэн үеэ өнгөрөөж, арилж үгүй болох юм гэж гадаадын зарим судлаачид нотлох болж. Өнгөц харвал хийрхэл мэт санагдах энэ дүгнэлт нь тохиолдлын зүйл биш юм. Дээр дурьдсанчлан та бидний ажиглаж буй нийгэм, амьдралын өдөр тутмын бодит байдал ийм дүгнэлтийг өөрөө нотолж байгаа юм шиг. Бидний сонгосон ардчилсан гэх чөлөөт эдийн засаг өөрөө асар их үйлдвэрлэл болон хотжилт төвлөрлийг зохиомлоор үүсгэж, тэр хэрээр хүмүүсийн хоорондох харилцааг эзэнгүй болгож байдаг. Энэ юу гэсэн үг болохыг дор тайлбарлах гэж оролдъё.
Хүмүүсийн харилцаа нэн олон янз байгаагаас болж тэд Марлаа, Жарантав юм уу Энхээ Азаа хоёр гэх мэтчилэн ямар нэгэн тодорхой хүний байдлаар хоорондоо харилцах нь улам бүр багасаж байгаа юм. Харилцааны хувь хүний сэтгэл хөдлөлийн агуулга нь үйл ажиллагааны харилцаанд улам бүр байр сууриа алдаж байна. Өөрөөр хэлвэл замын цагдаа, жолоочийн харилцаа, дарга, ажилтны харилцаа, худалдагч худалдан авагчийн харилцаа гэх мэт болж байна. Ийм харилцаанд, орж байгаа хүмүүс нь түвэггүй хялбар солигдож болох боловч уг харилцаанд ямар нэгэн өөрчлөлт огт гарахгүй. Ийм “эзэнгүйдэл” нь үйлдвэрлэлийн харилцаа, нийгмийн харилцааг хамраад зогсохгүй улмаар гэр бүлийн харилцаанд өдөр ирэх бүр бага багаар “шингэж” байна.
“Айл гэр нь оршин тогтнохын амин чухал төв биш, харин хэдэн хүмүүс өдөрт нэг удаа хамт хоол иддэг, унтдаг, өөр аятайхан сайн санаа бодож олоогүй ч юм уу ядарч зүдэрсэн үедээ цагаа өнгөрүүлдэг газар болж байна” гэж америкийн гэр бүл судлаачид шогшрох боллоо. Гэтэл чухам америк маягийн амьдралын хэв загвар, “american dream”-д хөтлөн дуудах голливудын “happy end”-ээр төгсдөг хар тамхичин болон биеэ үнэлэгчийг зөвтгөсөн эрх, эрх чөлөөтэйгээ гайхсан “тархи угаалт”, зөвхөн эмэгтэйчүүдийн эрх чөлөө гэсэн утгаар монголд төдийгүй дэлхийн олонхи тэмцэгчид нь “ойлгодог” жендерийн асуудал гэх зэрэг олон олон америк “эрх чөлөөний тунхаглал”-ууд нь өөрөө гэр бүлийг дээр шогшрохоор тодорхойлолтонд хүргэж байгааг тэд олж харахгүй байна. За энэ талаар дараа үргэлжлүүлэн тайлбарлах гэж оролдсуу.
Өнөөдөр салж сарниж байгаа гэр бүл, маргааш бүрмөсөн байхгүй болж болох юм гэж үзэж байгаа судлаачид гэр бүл салж сарнихгүй байх хамгийн зөв арга бол хэзээ ч гэр бүл болохгүй байх явдал мөн гэж бахархалтайгаар зарлах боллоо. Тэд өөрсдийгөө зөвтгөх гол баримт бол гэр бүл салж байгаа тоо, графикийн өсөлт юм. Үнэхээр ч зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар гэр бүлийн цуцлалт нь үнэмлэхүй хэмжээгээрээ хүн ам болон гэр бүл бологсдын тоотой харьцуулахад жилээс жилд улам өсч байна. Сүүлийн 20 жилд гэр бүл салалтын давтамж 6 дахин өссөн байна. Манай улсад 5 гэр бүл тутмын нэг нь салж байна. Энд далд салалт буюу албан ёсоор гэр бүл цуцлуулаагүй ч хамт амьдардаггүй, тус тусдаа хамтран амьдрагчтай эсвэл байнгын хамтрагчтай “цаасан дээрх гэр бүл” – үүдийг оруулсангүй. Гэхдээ манай гэр бүл салалтын тоо ОХУ болон АНУ-ыг бодвол үлэмж бага тоо юм. ОХУ-д 3 гэр бүл тутмын 1 нь салж байхад АНУ-д 2 гэр бүл тутмын 1 нь салж байдаг байна.
Гэр бүлийн ариун нандийн холбоог “хятадын хулхи бараа”-наас ч долоон дор хэврэг болгож байгаа ямар хүчин зүйлүүд сүүлийн үед хүмүүсийн амьдралд бий болсныг бодох хэрэгтэй. Дэлхийн хувьд сүүлийн 50 жил, манайд бол сүүлийн 18 жилд хүмүүсийн гэр бүл болох явдал нь урьд өмнөх үеийг бодвол нилээд хожуу насандаа болж байгаа билээ. Урьд нь бид 18 жилийн өмнө барууны залуучууд 30 гараад гэрлэдэг тухай сонсоод өөрсдөө ч мэдэлгүй бие биенийгээ хараад жуумалздаг байж билээ. Бидний ах дүүс, таньдаг хүмүүс ихэвчлэн 25 наснаас дотогш гэрлэдэг, харин 30 гартлаа эхнэр нөхөртэй болж амжаагүй нэгнээ хол ойргүй, хөгшин залуугүй “хүүхэд нь хэнзэдлээ” гэж шавдуулдаг байснаас тэр. Тэмдэглэхэд БНМАУ гэж байхад “Нөхөргүй, эхнэргүй, хүүхэдгүйн татвар” гэж ажил хийж байгаа насанд хүрсэн хүн /гэр бүлгүй/ болгоноос авдаг татвар байсан гэвэл үүнийг уншиж буй залуу эрхэмүүд үл итгэн элэг нь хөших биз. Нэг талаас харахад хувь хүний өвөр түрийний асуудалд хүртэл хутгалдаж байсан хэт төвлөрсөн дарангуйлагч системийн өрөвдмөөр жишээ мэт ч энэ дилема нь нөгөө талаар бидний цээжээ дэлдэх дуртай Чингисийн сургааль “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэсэн агуулгатай мэт эсвэл социалист нийгмийн коммунист гишүүн гэр бүлийн хувьд тогтвортой байх ёстой гэсэн шаардлага нь коммунистуудыг үзэн ядагчид сонсвол огиулмаар мэт ч “этатист” /төрийг нийгмийн хөгжлийн дээд үр дүн, зорилго гэж үздэг нэр томъёо. Ихэнхи улстөрийн үзэл баримтлалуудад илэрдэг/ талаас нь харвал аль ч эдийн засгийн үед ямарч засаглал өөрийн гишүүддээ “өмсүүлэх сонирхолтой хүлэг” байжээ гэж болох юм.
Дээрх “коммунист дарангуйлал”-ыг өнөөгийн цаг үетэй аналоги /адилтгал/ ашиглан жишвэл төрөөс олгож буй шинэ гэр бүлийн 500,000, хүүхдийн сар тутмын 3000, жилийн 100,000 гэх мэт мөнгөн дэмжлэг нь өөрөө нийгмийн эд эс болсон гэр бүлийг тогтвор суурьшилтай болгоход чиглэсэн “капиталист хахууль” гэж болох юм. Өөрөөр хэлвэл ямарч төр өөрийн гишүүдээ тогтвортой байлгахыг хүсдэг. Тэгж байж өөрсдөө тогтвортой байдлаа хангана. Ер нь дэлхийн түүхийг уншаад байхад гэр бүлгүй юм уу, хүүхэдгүй эсвэл хөнгөн амьдралтай хүмүүс л улс төрийн тэмцлийн хатуу ширүүн замуудыг сонгодог. Ихэвчлэн ийм хүмүүс л хувьсгал хийдэг. Сэдвээсээ халих гэж буй учир энд хазаараа татаад, өгүүлж буй сэдвээ цааш хөтөлсүү. /үргэлжлэл бий/

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More