Wednesday, September 9, 2009

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нар өөрсдийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн мэдүүллээ.

Уг хуулийн төсөлд, УИХ дахь намын бүлгүүдийн санал, эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг оруулах хөрөнгийн хэмжээнээс нь шалтгаалан 10,15,30 жилийн хугацаагаар ялгавартай тогтоож байсныг өөрчлөн бүгдийг 15 хүртэл жилийн хугацаагаар гэж заагаад хөрөнгө оруулалтын эрч далайц, хэмжээг харгалзан тодорхой хугацаатай байгуулахаар гэрээндээ тусгах эрхийг хуульчлан баталгаажуулах шаардлага зүй ёсоор урган гарч байгааг тусгажээ.

Мөн энэ асуудлын талаар эрдэмтэн мэргэд, уул уурхайн мэргэжлийн байгууллага, холбоод, иргэний нийгмийн төлөөллүүд, олон улсын зарим байгууллага, шинжээчдийн өгсөн зөвлөмж зэргээс харахад хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг багасгах нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа талаар УИХ-ын ажлын хэсгүүдэд ирүүлсээр байгаа санал, хүсэлтэд дурдагдаж байсныг тэмдэглэсэн байна. Түүнчлэн дэлхийн уул уурхай өндөр хөгжиж, улсынхаа эдийн засаг, төсөвт жинтэй хувь нэмэр оруулж байгаа ихэнх улс орнуудад гэрээний дундаж хугацаа 15 жил байдгийг ч харгалзан үзсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учрахгүй бөгөөд харин ч Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа төрийн болон олон нийтийн хяналт с айжирч, тэр хэмжээгээр ард түмний аж амьдралд таатай нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хуулийн төслийг хүлээн авч УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаа төсөл санаачлагчдад мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс мэдээлэв.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More