-Хэрвээ Оросын тал оролцохгүй гэвэл манайх дангаараа төслөө аваад явчих бололцоотой-
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг өнгөрсөн баасан гаригт төв, орон нутгийн хэвлэлийхнийг урьж, тус үйлдвэр хямралыг хэрхэн даван туулсан талаар мэдээлэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн төв оффис дээр болсон хэвлэлийн бага хуралд ерөнхий захирлаас гадна Үйлдвэр эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Худалдаа эрхэлсэн орлогч Х.Оюунцэцэг, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ё.Баярсайхан нар оролцсон. Тус үйлдвэр дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн үеэс “Хямралын эсрэг төлөвлөгөө” гарган ажилласан бөгөөд өнөөдөр хямралын үеэ бүрэн даван туулсан гэдгээ зарлав. Ингэхдээ Чех, Перу зэрэг улсад ажиллаж байгаа ижил төрлийн үйлдвэрүүдтэй адил үйлдвэрлэлээ бууруулах болон орон тооны цомхотгол зэрэг сөрөг арга хэмжээнүүд аваагүй аж.
Гэвч уул геологийн нөхцөл хүндэрч, гүний хэмжээ нэмэгдсэнээс тээврийн зардал, баяжмалын өртөг нэмэгдэж, баяжмал дахь зэсийн агууламж буурч байгаа гэнэ. Тиймээс үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага байгаа тухай Ч.Ганзориг захирал ярилаа.
“Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж ирсэн орчныг үндсэнд нь 2003 оноос өмнөх болон хойшхи гэж хоёр хувааж болох юм. 2003 оноос өмнө тус үйлдвэр үндсэндээ зах зээлийн эдийн засгийн харилцаанаас гадуур, татварын бүх төрлийн хөнгөлөлт чөлөөлөлтийг эдэлдэг байсан бол 2003 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжийн нэг адил татвар хураамж төлдөг болсноор төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлэх болжээ. Тус үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш 1990 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан бөгөөд үүний 1322 тэрбумыг нь сүүлийн зургаан жилд оруулсан байна. Дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байгаа зэсийн 40 хувийг 10 том компани гаргадаг. Үүнээс “Эрдэнэт” үйлдвэр хүчин чадлаараа наймдугаарт ордог, зэсийн агууламжаараа зургадугаарт, нөөцөөрөө тавдугаарт, өөрийн өртгөөрөө хоёр, металл авалтаараа тавдугаарт жагсдаг. Харин дэлхийн зах зээл дээр хэрэглэгдэж байгаа нийт зэсийн 3 хувийг гаргадаг байна.
“Эрдэнэт” үйлдвэр Засгийн газар хоорондын шинэ хэлэлцээрийн дараа татварын шинэ орчинд ажиллаж эхэлсэн 2003 оноос хойш зэсийн үнэ дөрөв дахин өсчээ. 2003 онд ашгийнхаа 13 хувийг татвар хураамжид өгдөг байсан уг үйлдвэр 2005 онд 28 хувь, өнөөдөр 70 хувийг нь төсөвт өгдөг болсон байна. Харин үлдсэн 30 хувийн ашгаараа үйлдвэрээ “тэжээдэг”. Гэвч Төсвийн орлогын тал шахам хувийг дангаараа бүрдүүлдэг тус үйлдвэрээс татварынх нь 95 хувийг урьдчилгаа маягаар татаад авчихдаг учраас хоёр сарын дараа бодит орлого гарахад төсөвт төлсөн орлогыг буцаан авах боломжгүй болдог байна. Иймэрхүү маягаар 130 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт илүү төлөөд байгаа аж. Гэвч хямралын үеэр тус үйлдвэр ашигтай ажиллахын тулд үйлдвэрийн удирдлагууд зарим нэг зардлаа бууруулсаар ирсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ. Тухайлбал, бараа материалын худалдан авалтыг 200 тэрбумаас 130 тэрбум төгрөг болгож бууруулсан, одоогийн байдлаар 90 тэрбум нь зарцуулагдаад байгаа гэнэ. Мөн үйл ажиллагааны зардлаас 15 тэрбум төгрөг, ганбөмбөлгөөс 10 сая гаруй ам.доллар хэмнэж, шатахуун, гар утас, хөнгөн тэрэгний зардлыг таван хувиар бууруулжээ. Оны эхний найман сарын байдлаар хүдэр олборлолт, металл авалт гээд төлөвлөгөөт даалгавраа бүх үзүүлэлтээр биелүүлсэн, хямралын үеэр ашигтай ажилласан ганц үйлдвэр гэнэ.
Дараа нь үйлдвэрийн захирал Ч.Ганзориг сэтгүүлчдийн асуултад хариулсан. Оюутолгойн орд ашиглалтад орвол “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалт, гадаад зах зээлд нөлөөлөх үү? “Эрдэнэт”-ийн баяжуулах үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барих уу? гэсэн асуултад Ч.Ганзориг захирал,
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар бид олон жил ярьж байгаа. Техникийн шийдэл болон хөрөнгө мөнгөний асуудлаас болж зогсоод байгаа. Жилдээ 60-70 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай хоёр үйлдвэрийн төсөл бэлэн болоод байгаа. Хоёр улсын хамтарсан үйлдвэр учраас ирэх 10 дугаар сард болох советийн хурлаар энэ асуудал шийдэгдэнэ. Оросын тал хамтрахгүй гэвэл манайх дангаараа төслөө аваад явчих боломжтой. Эрдэнэт үйлдвэр сардаа Монгол Улсыг хөгжүүлэх санд 40 сая ам.доллар өгдөг. Хэрвээ энэ байгаагүй бол бид зургаан сарынхаа орлогоор үйлдвэр барьчих байсан. Гэхдээ Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тэглэгдсэний дараа төр энэ хөрөнгийг зөв зарцуулах байлгүй.
“Эрдэнэт” үйлдвэрийн гадаад зах зээлийн тухайд манай гол хэрэглэгч бол Хятад улс. Дэлхийн зэсийн 20 хувийг үйлдвэрлэдэг мөртлөө 32 хувийг хэрэглэдэг. Манайх одоо дэлхийн зах зээлийн хэргцээний 3 хувийг гаргаж байгаа. Оюутолгой нэмэгдлээ гэхэд 7 хувь л болно. Дээр нь урд хөршийн хэрэглээ тогтмол өсч байгаа. Хайлуулах үйлдвэрүүдээ хойд хилээ дагуулан байршуулсан учраас манайхаас авах нь тээврийн зардлын хувьд ч хямд тусдаг. Тийм учраас Оюутолгойн ордоос баяжмал экспортолж эхэлсэн ч гэсэн “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтад нөлөөлөхгүй гэсэн хариултыг өглөө.
ХУВИЙН ЗОРИЛГО ӨВӨРТӨЛЖ ИРСЭН ХҮНД “ТӨРД” ОРОН ЗАЙ БАЙХГҮЙ.
-
Иргэд яагаад, яах гэж өөрсдийгөө төлөөлүүлэн хэсэг нөхдөө сонгож, төрийг
байгуулдаг вэ. Бидний өмнөөс хууль тогтоогоорой, улс орны хөгжлийн гол гол
асуудл...
8 years ago
0 comments:
Post a Comment